“CRYPTO WEEK” арга хэмжээ
Ард Санхүүгийн Нэгдэл болон түүний холбоо хамаарал бүхий компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурлын хүрээнд 30 компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, хөрөнгө оруулалтын сургалт, хувь хүний санхүүгийн сургалт өгөх “CRYPTO WEEK” арга хэмжээ 7 хоногийн хугацаанд өргөн цар хүрээтэйгээр амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус арга хэмжээнд Ард Санхүүгийн Нэгдлийн холбоо хамаарал бүхий нээлттэй компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийсэн ба мөн нээлттэй болон хаалттай сангийн нэгж эрх эзэмшдэг хөрөнгө оруулагчдадаа мэдээлэл хүргэсэн бөгөөд бид энэ удаагийн мэдээгээр 3 компанийг онцоллоо.
Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа
Ард Санхүүгийн Нэгдэл нийт хувьцаа эзэмшигчдэдээ 2023 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа танилцуулж үйл ажиллагаагаа тайлагналаа. Тус компанийн хувьд үйл ажиллагааны чиглэлээ банк, даатгал, хөрөнгө оруулалтын банкны гэсэн 3 чиглэлд голлон анхаарахаа мэдэгдсэн бөгөөд бусад хөрөнгө оруулалт хийсэн ба хамааралтай компаниудаа Хөвсгөл ХК болон Өндөр Хаан ХК компанийн дор бүрэн шилжүүлэн ажиллах болсон байна.
Мөн Ард Санхүүгийн Нэгдэл нь хөрөнгө оруулагч үндэстэн цогцлоох зорилгынхоо хүрээнд санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж буй Ард Апп-ын 5.0 төсөл амжилттай нэвтрэн нийт 1.1 сая хэрэглэгчидтэй болон зөвхөн Ард Апп-аараа дамжуулан 75.3 тэрбум төгрөгийн цахим зээл, 3.6 сая гүйлгээ, 16.2 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа болон 31.5 тэрбум төгрөгийн хадгаламжийг татан төвлөрүүлэн цар хүрээгээ улам тэлсээр байна. 2024 онд Ард Апп-даа хүссэн банкны картаа холбох боломжийг бий болгож байгаа ба энэ нь гадаадын улс оронд аж амьдардаг элэг нэгт монголчууддаа гадаадын банкны картаа холбон хөрөнгө оруулалт хийх, хувьцаа, бонд болон даатгал цахим зээлийн үйлчилгээ авах боломжуудыг бий болгох юм.
Эх сурвалж: Ард Кредит ББСБ-ын хувьцаа эзэмшичдийн хурлын материал
Ард Кредит ББСБ-ын хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа
Тус компанийн голлох үзүүлэлтээс дурдвал нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсөж 72 тэрбумд хүрсэн бол нийт зээлийн багц 19 хувиар өсөж 49.5 тэрбумд хүрчээ. Мөн 2022 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар батлагдсан нэмэлт хувьцаа гаргах ажлыг 2024 оны эхний улиралд амжилттай зохион байгуулсан бөгөөд компанийн 30 хувийг санал болгон 8.9 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн.
Тус компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжрахаас гадна Монгол Шуудангийн орон нутгийн салбаруудаар дамжуулан үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, харилцагчдын тоогоо нэмэгдүүлэх боломжтой байна. 2023 онд Ард Кредит салбартаа анхны кредит карт гаргасан бол энэ жил дебит картаа гаргахаар зохицуулах байгууллагаас зөвшөөрлөө авахаар ажиллаж байна.
Эх сурвалж: Ард Даатгалын хувьцаа эзэмшичдийн хурлын материал
Ард Даатгал ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал амжилттай зохион байгуулагдлаа
Тус компани 2023 оны жилийн эцсийн тайланд нийт хөрөнгө өмнөх оны мөн үеэс 24 хувиар өсөж 44.1 тэрбум, даатгалын хураамжийн орлого 45 хувиар өсөж 32.4 тэрбумд хүрчээ. 2023 оны зун Улаанбаатар хотод үер усны байгалийн гамшгийн улмаас их хэмжээний машин усанд автаж байсан билээ. Улмаар даатгалын зах зээлд нөхөн төлбөрийн зардал нэмэгдэж энэ ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүссэн юм.
Гэсэн хэдий ч Ард Даатгал 2023 оны жилийн эцсийн тайланд нөхөн төлбөрийн цэвэр зардал өмнөх оны мөн үеэс 38.3 хувиар нэмэгдэн 8.3 тэрбумд хүрсэн ба нөхөн төлбөрийн зардал нэмэгдсэн ч тус компанийн нийт цэвэр ашиг 357 хувиар өсөж 3.3 тэрбумд хүрэн үсрэнгүй өсөлтийг үзүүлсэн байна. Мөн Ард Даатгал нь цахим даатгалын компани болох эрхэм зорилго тавин ажиллаж байна.